Урьд нь айдсан талаар нэг бичлэг оруулж байсан юм. ( Эндээс үзэж болно http://psychomasochist.blog.banjig.net/post.php?post_id=46810) Энэ удаад би онцлон бүсгүйчүүддээ зориулж айдсын тухай бичихээр шийдлээ. Эрчүүд ч гэсэн уншаад санал сэдлээ бичнэ биз дээ.
Юуны өмнө айх гэдгийг шинжлэх ухааны үүднээс тайлбарлая. Энэ нь хүний тархин дахь бор давхрагад нөлөөлж буй түгшүүрийн феромоны ихсэлтийн үр дүн юм. Ийнхүү айдас үүссэнээр хүний зүрхний лугшилт түргэсэж, биеийн эд эсүүд илүү идэвхитэй байдал орж ямар ч зүйлд бэлэн байх чиг үүрэгтэй болох боловч, хүний хөдөлгөөн болон сэтгэлзүйн илэрхийлэл эсрэгээрээ сулрах шинжтэй болдог. Маш их айсан үед хөшиж хөдөлгөөнгүй болох, ухаанаа алдаж, шок-д орох зэрэг идэвхгүй байдалд ордог. Харин айдсын энгийн үе шатанд хүний тархинаас "Болих", "Зугтах", "Нуугдах" гэсэн зааврууд зонхилон биеээр нэг тархана. Ингэснээр хүн айсан зүйлээ хийхээ больж, зугтаж, түүнээс нуугдаж эхэлдэг. Энгийн жишээ бол гэрийн даалгавраа хийхээс айж хийхгүй байх шалтгаануудыг олж, аав ээжээсээ зугтах, өвдсөн мэт дүр үзүүлж өөрийгөө авч гарахыг оролддог.
Айдсын сайн тал юу вэ?
Айдас нь хүнийг эрсдлээс аврах, урьдчилан сэргийлүүлэх зорилготой бөгөөд нэг талаас хүний ухамсарлагдсан эрсдлийг маш хурдан хугацаанд сануулж байх нөгөө талаас эрсдлийг даван туулах хамгийн энгийн үйлдлийг цаг алдалгүй авах далд ухамсрын шинжтэй үйлдэл юм. Жишээ нь чанга дуу гарахад хүн аяндаа атирч, гүйхэд бэлэн байдалд ордог нь хүн өөрөө гүйх тухай бодож амжаагүй боловч түүний рефлекс ухамсраас илүү хурдан удирдаж байгаа юм.
Айдсын муу тал юу вэ?
Айдас нь ерөнхийдөө хий зүйлээс айх, бодит зүйлээс айх гэсэн хоёр хэсэгт ангилагдах бөгөөд хий зүйлээс айх айдас хүн төрөлхтний айдсын ихэнх хэсгийг эзэлж байдаг. Учир нь айдас өөрөө урьдчилан сэргийлэх зорилготой тул байдлыг тандан прогноз гаргаж байдаг. Гэвч энэ нь хэт хийсвэрлэгдсэн тохиолдолд хоосон зүйлээр хүнийг байнга зовоох affliction буюу шаналал, зүдүүр, цөхрөл маягийн зовлонг үүсгэдэг.
Амьдрал дээр хамгийн их тохиолддог айдас бол мэдэхгүй зүйлээсээ айх айдас юм (John Wattson) гэжээ. Энэ нь шинэ ажилд орох, шинэ ангид орох, шинэ хувцас өмсөхөд хүртэл хүнд бий болж байдаг жижиг айдсуудаар илэрнэ. Шинэ хамт олон дунд ороод өөрийгөө хүмүүст муугаар бодогдуулахгүйн тулд хүн хичээж эхэлдэг байна. Мөн шинэ хувцас өмсөхдөө надад зохиж байгаа болов уу, хиртэй болчих вий, удаан эдлэгдэхгүй байх вий гэсэн айдсууд төрдөг байна.
За ингээд одоо үндсэн сэдэвтээ оръё. Бүсгүйчүүд дотроосоо амьдал үүсгэн эсрэг хүйстэнтэйгээ суусан бүсгүйчүүдийн тухай бичихээр бэлдсэн юм.
Бүсгүйчүүд бид юунаас хамгийн их айдаг вэ?
Энэ асуултад янз бүрээр л хариулах байх. Энэ тохиолдолд дээр бичигдсэн нэг өгүүлбэр яг тохирдог гэж би боддог. Бид мэдэхгүй зүйлээсээ маш ихээр айдаг. Хардалт, гэрээ санах (home sick), бохир зүйлийг байнга цэвэрлэх буюу ямар нэгэн зүйлээс сэжиглэх, биеийн хүчний ажлаас халшрах, биеийн тамирын даргалаас хойш суух, гэмтлээс айх, цус харахаас айх гээд л маш түгээмэл айдсын хэлбэрүүдэд эмэгтэйчүүд илүү өртдөг. Учир нь түгшүүрийн феромон (alert pheromone) эмэгтэйчүүд биднээс илүү ялгарч байдаг учраас эмэгтэй хүнийг илүү аймхай гэж тооцдог тэр нь ч үнэн юм.
Гэвч энэ нь ч мөн сайн талыг дагуулах бөгөөд бид энэ дааврынхаа тусламжтайгаар нарийн ширийн асуудал дээр байнга анхаарч, санаж сэдэж, эрчүүдээс илүү нямбай, халамжтай байж чаддаг байна. Тиймээс ч хүүхдүүд ээждээ илүү хайртай байдаг байх нь.
Харин айдас хэтэрсэнээр ямар муу үр дагавар авчрах вэ?
Энэ нь миний тойрч тойрч хүрсэн өнөөдрийн сэдэв юм. Бидний айдас хэтэрсэнээр дараах зан араншингийн шинжүүд илэрдэг байна.
- Хэт мэдрэмтгий, гомдомхой болох - итгэл алдалтаас айх
- Бусдын анхаарал халамжид хэт найдах - бие даан үйлдэл хийхээс айх
- Хэт сэжигч болох - өвчлөхөөс айх
- Хэт хардамтгай, нөхрөө/найз залуугаа хажуунаасаа холдуулах дургүй болох - хаягдахаас айх,
- Нэг хэвийн амдралд хэт гүнзгийрч, бүтэх бүтэхгүй зүйлсийг байнга төлөвлөх - алдаа гаргахаас айх,
- Утга учиргүй байсан ч хамаагүй, муу сайн нь ч хамаагүй хэн нэгэнтэй хамт байхыг хүсэмжлэх - Ганцаардлаас айх гэх мэт.
Эдгээр нь эцсийн эцэст биднийг боомилж гарах гарцгүй болгосноор бүсгүй хүн хэмээгч нь өөртөө итгэлгүй, бусдын үгээр амьдрахад хүрдэг. Гэвч тэр хүртэл нэлээн цаг хугацаа орох бөгөөд ихэнх хүн өөртөө итгэх итгэлээ алдах хүртэл айдасдаа хүлэгддэггүй байна.
Харин тэд яадаг гэж?
Хамгийн өөдгүй нь эмэгтэйчүүд бид айдсаа орчин тойрныхоо хүмүүст тарааж эхэлдэг. Тэгсэнээрээ өөрийгөө бусдаас дор гэж бодох бодол нь түр хугацаанд саарч байдаг. Бусдад зөвлөх байдлаар, мөн бусдыг загнах, бусдад зааварлах, бүр бусдад туслах байдлаар ер нь л боломжит бүх аргаар өөрийн мэдэлгүй айдсаа түгээж эхэлдэг байна. Ийнхүү бид Fear distributor болох бөгөөд энэ үйлдлийнх нь хохирогч нь ихэвчлэн эрэгтэй хүмүүс, эсвэл өөртөө итгэх итгэлээ алдсан эмэгтэй хүмүүс, мөн хүүхдүүд, цаашилбал ер нь л хамгийн ойр дотны хүмүүс нь байдаг байна. Өөрөөр хэлбэл бидний айдсын хохирогч нь биднээр зогсохгүй үр хүүхэд, гэр бүл зэрэг орчин тойрныхонд маань муу нөлөө үзүүлж эхэлдэг. Энэ тал дээр тодорхой жишээ дурьдаж болох юм.
Жишээ нь Хэт мэдрэмтгий, гомдомхой болсоноороо бүсгүйчүүд бид хүмүүсийн сэтгэл санааг хий дэмий зүйлд зовоож эхэлдэг. Үг болгоныг нь сөхөж гомдол нэхэх, өнгөрсөн зүйлийн төлөө гомдол нэхэх, хэнээс ч хамааралгүй өөрийнхөө амьдралыг муу, муухай байгаа талаар гомдол мэдүүлэх нь тантай харилцагч хүнд маш хэцүү байдаг. Мөн Хоол идэж байхад хажууд ширээ арчих, хог шүүрдэх зэрэг хэт цэвэрч байдал нь таны орчин тойрны хүмүүст тавгүй байдал үүсгэдэг. Байгаль дээр байнга байдаг, хэн ч тойрч гарч чаддаггүй тоосноос хүртэл сэжиглэж өдрийн ихэнх хэсгийг гэр цэвэрлэх ажилд зориулах нь завгүй, бүтээлч нэгэнд бол таны дэргэд байхаас дургүй хүрэм үйлдэл юм. Түүнчлэн хардалт нь таны хамтрагчид сөрөг нөлөө үзүүлж эсрэг хүйсийн хүнтэй харилцах харилцаандаа алдаа гаргахад хүргэдэг гэдгийг санах хэрэгтэй. Гэтэл тэр хүсвэл таныг хардсан ч, хардаагүй ч өөр хүүхэнтэй амраглах, уулзалдах боломж байсаар байгаа шүү дээ. Ийнхүү хардалт нь хажуудаа уях хүсэл төрүүлэх бөгөөд энэ нь шоронд оруулж байгаатай адил хүнлэг бус үйлдэл юм. Мөн ганцаардлаас айж хэн ч хамаагүй наашаа гэсэн бүхэнтэй нөхөрлөж, цэнгээний газар, тоглоомын газар хэсэж эхлэх нь айдсаа хуваалцах оролдлого мөн боловч бусдын аясыг дагах нь танд илүү их айдас авч ирнэ.
Эцсийн эцэст айдсыг тэгээд яах ёстой юм бэ?
Эцсийн эцэст таны сэтгэлгээний цар хүрээ таны айдсыг давах чадварыг тодорхойлно. Мөн мэдлэгийн чинь хэмжээ таны айдсын эсрэг зогсож чадах гол хүчнүүдийн нэг юм. Айдасдаа дийлдэж орчин тойрноо тавгүй байдалд оруулж, өөрийгөө давхар зовоохыг хүсэхгүй л байгаа бол та айдастайгаа тэмцэж, өөртөө итгэх итгэлийг олон зүйлээс олж авч чадна. Эмэгтэйчүүдэд Хамгийн гол нь айх хэрэгтэй юу, хэрэггүй юу гэдгийг сайн бодож, алсын хараатай айж байж айх нь зүйтэй. Ингэж бодож чадвал таны айх рефлекс чинь өөрчлөгдөж хий дэмий зүйл дээр биш, жинхэнэ ослын тохиолдолд таныг аврах бодит үүргээ ухамсартайгаар гүйцэтгэх болно.
Танд амжилт хүсье бүсгүй минь, айдсаа даван туулж сэтгэлийн эрх чөлөөг олоорой.


